/ Мэдээ мэдээлэл / Цаг үе, үйл явдал / Цагдаагийн ахлах ахлагч Төнхөн овогт Намралын Баасанжав. "БИ" ШҮЛЭГ

Цагдаагийн ахлах ахлагч Төнхөн овогт Намралын Баасанжав. "БИ" ШҮЛЭГ

Би

Би –

Хөх монгол орондоо хүн болж төрөхдөө

Хөөрхий ижийгээ зовоож төрсөн юм

Хөдсөн нэхийд өлгийдүүлж

Хөх дүүрэн сүүгээр бялхаж өссөн юм

Би -

Манан хөөрөг барьсан малч өвгөнөөр

Магнай дэрээ үнсүүлж

Майга хөлтэй буурал эмгэний

Маанийн зургаан үсэгний залбирал дунд өссөн юм

Би -

Хөдөө хээр талд мал хариулж

Хөх даалимбан тэрлэгээ урагдтал

Хөрслөг бор найзтайгаа баридаж

Сайртай хар хөлөөрөө сайрын чулууг туучиж

Саахалт айлын охинтой наадаж тоглож өссөн юм

Би -

Ардын сургуульд элсэж А үсэг нүдлэн

Ачит багш нараар эрдмийн охийг заалгаж

Арван жилээ онц дүнтэй төгсчхөөд

Айл саахалтын бурлуудаар магтуулж үзсэн юм

Би -

Гэзгэндээ цагаан тууз зангидсан

Гэрсэг, бас хөөрхөн охинд захиа өгчхөөд

Гэм хийсэн хүн шиг зугтаж яваад

Гэнэт бүдэрч унан духаа шалбалчихаад  

Гэрийнхээ үүдийг мөргөсөн гэж худлаа хэлж үзсэн юм

Би –

Оюутан шаргал намраар тариан үтрэн дээр ажиллаж

Олуул нийлж бужигнан үүр цайтал хөгжилдөж

Охидоо бусдаас өмгөөлөн нутгийн залуустай нанчилдан

Орой бүрий цагаар цусаа асгаруулж үзсэн юм

Би -

Гэрийн цээнд хүрч эх орноо хамгаалан

Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж

Орой тоонд “Төрийн дуулал” эгшиглэхэд

Ододтой цуг баясаж нөхдөөрөө бахархаж үзсэн юм

Би -

Алаг нүдэн бүсгүйтэй гэрлэж айл өрхийн тэргүүн болж

Ачаатай тэмээгээ хөглүүлээд авдар саваа хэмхлүүлж үзсэн юм

Аавынхаа ширүүн харцнаас атга болтлоо айчихаад

Авсан ханьдаа хамаг буруугаа тохож үзсэн юм

Би -

Эцэг хүн болж хүүхэдтэй болж үзсэн юм

Энгэр цээжиндээ тэвэрч баярын нулимс унагаж үзсэн юм

Өглөө эртлэн босоод адуугаа хурааж ирчхээд

Өвөг эцгээрээ магтуулж үзсэн юм

Би -

Наадмын торгон дэвжээнд гурав давчихаад

Надаас өөр хүчтэнгүй мэт өөрийгөө тоож үзсэн юм

Настай хашир заанд гэндэж үначихаад

Нүүр хийх газаргүй олноос ичиж үзсэн юм

Би -

Бэлэг танхай яруу найрагчдын

Бичсэн шүлэгнээс нь ишлэл үншин бардагнаж

Бүсгүй хүний анхилуун үнэрт согтчихоод

Бүхний мартан жаргаж  үзсэн юм

Би -

Хатуу амтай уралдааны морь шиг

Хажуу тийш нь давхиж үзсэн юм

Хамгаас хайртай ээжээрээ зэмлүүлчихээд

Хачин ихээр гэмшиж үзсэн юм

Би -

Цагдаа болж тангараг өргөн

Түмний төлөө халж хөрч үзсэн юм

Цалин бураах салам архидчихаад

Тасгийн даргаараа зэмлүүлж үзсэн юм

Надад үзээгүй юм ихээ...

Дарга болж төрийн тамга барьж үзсэнгүй

Далдуур сэм хуйвалдаж улсын хөрөнгө идэж ууж үзсэнгүй

Түнтгэр тарган биеэ түмнээс илүүд үздэг

Түшмэлийн зөөлөн суудалд заларч үзсэнгүй

Надад үзээгүй юм ихээ...

Тив дэлхийд гайхагдсан тамирчин болж шүтэгдсэнгүй

Тийрдэг пуужин бүтээдэг эрдэмтэн болж хүндлэгдсэнгүй

Тушаал заавар баталдаг сайд болж ихэмсэглэсэнгүй

Төлөг мэргэ тавьдаг луйварчин болж дөвчигнөсөнгүй

Тушаатай морь хулгайлдаг хулгайч болж хараалгасангүй

Төрдөө өргөсөн тангарагаасаа няцаж хэзээ ч үзсэнгүй

Надад үзээгүй юм ихээ...

Үнэн худал нь зэрэгцсэн

Ахархан энэ амьдралд чинь

Үрэгдэж дуусдагаас хойш

Үзээгүй юм бүхнийхээ төлөө

Үйлээ дагахаас яах билээ дээ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040