/ / Дипломатын ”Нэр томъёо”-г Та ч мэдэхэд илүүдэхгүй.

Дипломатын ”Нэр томъёо”-г Та ч мэдэхэд илүүдэхгүй.

Бүх сэтгүүлч нөхдийн анхааралд. Юуны өмнө төвийн бүх  сонин, ТВ-үүд, сайтуудын гадаад мэдээний редакторуудын ур чадварт   зориулъя!

Гадаад харилцааны төрийн төв байгууллага, түүний бүтэц зорилгыг юуны өмнө таниулах нь зүйтэй болов уу.

Дэлхийн ихэнхи оронд “Гадаад хэргийн яам” яам нэрээр, зарим улсад жишээ нь манайд Гадаад харилцааны яам, АНУ-д Төрийн Департамент, Британид Гадаад ба хамтын нөхөрлөлийн офис, Ирланд, Индонезид Гадаад хэргийн Департамент, Австралид Гадаад хэрэг, худалдааны Департамент, Шинэ Зеланд, БНСУ-д Гадаад хэрэг, худалдааны яам, Францад Гадаад харилцааны яам, Ливид Гадаад хэргийн ардын товчоо гэхчлэн олон янзаар нэрлэгдэх авч үүрэг зорилго, бүтцийн ерөнхий загвар нь угтаа нэг юм.

 

ГХЯ-ны бүтцийн ерөнхий тогтолцооны нийтлэг загварын дагуу бол дэлхийн аль ч оронд ГХЯ буюу гадаад бодлогын гол “гал тогоо” нь үндсэн чиг үүргээрээ:

1) Гадаад бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх,

2) Гадаад бодлогын захриргааны удирдлага үйлчилгээгээр хангах,

3) Гадаад бодлогын зохицуулалтыг хариуцах,

4) Гадаад бодлогын хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгч, мэдээлэх гэсэн 4 үндсэн зорилготой.

Дээрхи 4-өөс нийтэд илүү ойр мэдрэгдэж байдаг нь хоёр дахь буюу гадаад бодлогын үйлчилгээний салбар юм

Энд дипломатын ёслолын үйлчилгээ, эрх зүйн ба консулын үйлчилгээ нь олон нийтэд шууд тусдаг.

ГХЯ, дипломат, дипломатч гэдгийг чухам үүгээр төсөөлөөд сурчихсан, тэр ч бүү хэл УИХ дээр ГХЯ тойрсон яриа гол төлөв ёслол, консулын үйлчилгээ, сайндаа л хилийн боомт нээх хаах тухай эргэлдэж байдагт гайхах зүйлгүй.

Чухам цаанаа ГХЯ буюу Дипломатын албанд юу байдаг, ажил хэрхэн явагддаг талаар танин мэдэхүйн зарим асуудлыг хөндвөөс, юуны өмнө энэ албанд ажиллагсадыг “бюрократууд” хэмээн нэрлэж ирсэн байх аж. Утгачилбал төр, засаг хэний мэдэлд байхаас үл шалтгаалан төрдөө зүтгэж явагсад буюу мэргэшсэн төрийн хар хүн гэх үү дээ.

“ДТГ” гэсэн үсгийн товчлол байна. Одоо манайхан хэрэглэж сурах цаг болсон. Энэ бол Дипломат төлөөлөгчийн газар гэдэг үгийн товчлол юм. Хилийн чанадад ажилладаг Дипломат төлөөлөгчийн газар нь:

1) Элчин сайдын Яам,

2) Ерөнхий консулын газар,

3) Байнгын төлөөлөгчийн газар гэж гурав анги байна.

Ватиканы ЭСЯ-ыг Папын Нунцийн яам (Apostolic Nunciature of the Holy See, салбарыг нь хотынх нь нэрээр Apostolic Prefecture of Ulaanbaatar, Mongolia, төлөөлөгчийг нь Apostolic prefect буюу Папыг Нунцийн Улаанбаатарын тойргийн түшмэл) гэж нэрлэдэг.

Европын Холбоог төлөөлөн суугаа ДТГ-ыг Европын Комиссын Төлөөлөгч гэж нэрлэнэ. Британийн хамтын нөхөрлөлийн улсууд харилцан бие биедээ томилон суулгаж буй ЭСЯ, Элчин сайдыг өөрөөр нэрлэнэ.

ЭСЯ нь Дээд комиссарын газар (High Commission), Элчин сайд нь Дээд комиссар (High Commissioner) гэж нэрлэгддэг журамтай. Элчин сайд нарыг нэрлэх, бичихдээ “Эрхэмсэг ноёнтон” гэдэг хүндэтгэлийг заавал хэрэглэх ба англиар H.E. Mr., H.E. Dr., H.E. Prof., Малайзын Элчин сайдыг H.E. Dato’, Папын Нунцийг Apostolic Nuncio Archbishop гэнэ. Дэлхийн нэлээдгүй оронд мөрддөг жишгээр бол  ДТГ-ууд нь Diplomatic Estate, Diplomatic Enclave, Diplomatic Quarter, Diplomatic Area гэсэн тусдаа хороолол, тусдаа цогцолборт бөөгнөрөн байрлана.  

Аливаа улсын дипломатуудын  гол “хоол” бол улс орныхоо үндэсний эрх ашгийн төлөө гадаад таатай орчин бүрдүүлж, гадаад таатай харилцааг хөгжүүлэх явдал.

Үүнийгээ олон улсын “Гэрээ”, “Хэлэлцээр”-ээр баталгаажуулна.

Тэдгээр баримт бичгийг байгуулахын тулд “Хэлэлцээ” хийдэг. Харин энэ гурван өөр утга илэрхийлэх үгсийн утгыг үл ялгах явдал Монголын хэвлэл, ТВ-үүд, сайтуудад түгээмэл байна.

Эдгээрийн зааг ялгааг зөв гаргахгүй, нэг юм мэт ярьж бичихийг нь зогсоохгүй бол буруу практик хэвших төлөвтэй.  

Уулзалтын ширээний хоёр талаас өөд өөдөөсөө хараад ярилцдаг процесс, нөгөө нь хэвлэмэл цаасан дээр гарын үсэг зурдаг баримт бичиг хоёрыг манай сэтгүүлчид огт ялгахгүй яваа хэрэг шүү дээ.

Орос хэлээр договор, соглашение, англиар treaty, agreement гэсэн үгийн монгол орчуулга нь гэрээ, хэлэлцээр гэсэн үгс болно.

Гэрээ, хэлэлцээр бол олон улсын баримт бичиг бөгөөд хоёр талын ба олон талын гэсэн хоёр янз. Энэ хоёр төрлийн баримт бичгийг байгуулдаг, байгуулах процесс нь төсөл солилцох, хэлэлцэх, үзэглэх, гарын үсэг зурах, батламжлах гэсэн үе шатуудтай.

Жишээ нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр гэхчлэн.

“Тухай” гэдэг үг заавал орсон байх ёстой. Баримт бичгийн бусад төрөлд аман тохиролцоо буюу жентельмений хэлэлцээр (заавал гарын үсэг зурах албагүй), мөн харилцан ойлголцлын санамж бичиг (меморандум), хамтын ажиллагааны ба харилцан ажиллагааны төлөвлөгөө гэхчлэн бий.

“Хоёр Ерөнхийлөгч гэрээ хэлэлцээр хийлээ”, “Зургаан талт яриа хэлэлцээр”  гэхчлэн ярьж бичиж болдоггүй!

Албан ёсоор хоёр ба олон этгээдийн хийдэг хэлэлцээ, яриа хэлэлцээ гэсэн үгс бол орос хэлний переговор, диалог, англи хэлний  talks, negotiations гэсэн үгсийн монгол орчуулга нь юм.

Энд “Р” гийгүүлэгчийг хольж хутгах явдал түгээмэл байна. Хэлэлцээг хоёр тал аман яриагаар (орчуулгатай) хийж, хэлэлцээний тэмдэглэл гэж тусдаа гардаг. 

Яриа хэлэлцээ хийнэ л гэж байхаас манай сэтгүүлчдийн ярьдаг шиг “хоёр тал гэрээ хэлцэл хийлээ” гэсэн зүйл олон улсын дипломатын практикт байхгүй.

1990-ээд оны дунд үе хүртэл МОНЦАМЭ-гийн Гадаад мэдээний редакцаас Монголын төвийн бүх сонин, радио, ТВ-ийн гадаад мэдээг бэлтгэн өгч байсан нь маш зөв практик байв.

Товчхондоо “Гэрээ”, “Хэлэлцээр”, “Хэлэлцээ” гэдгийг зөв буулгаж ярьж бичиж хэвшсэн дадсан байв.

Харин одоо хэвлэл ТВ-үүд дор бүрнээ мэдээллээ хариуцдаг болж, юу дуртайгаа орчуулж буулгадаг болсон байна.

Хэвлэл мэдээллийн цензур байхгүй болсны зэрэгцээ гадаад харилцаа огцом тэлсний дүнд мэдээлэл түгэн тархах, тархаах орон зай тэлсэн тул гурван өөр утга илэрхийлэх эдгээр үгсийг хэрэглэхдээ  анхаарна уу
Тalks, negotiations –  Яриа хэлэлцээ

        (хийдэг, оролцдог)

Тreaty  –    Гэрээ

(байгуулдаг, гарын үсэг зурдаг)

Аgreement  –  Хэлэлцээр

(байгуулдаг, гарын үсэг зурдаг) 

Нэгэн чухал үйл явдлыг манай ТВ-үүдийн гадаад мэдээнийхэн, бас зарим сонинд буруу орчуулдагт залруулга хиймээр бодогдов.

АПЕК буюу Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны форум-ын дээд хэмжээний уулзалтыг мэдээлэхдээ энэ форумыг байгууллага хэмээн манайхан буулгаж байх юм.

Өмнөх нийгэмд ЭЗХТЗ гэж нэг байгууллага байсныг тархиндаа хөдлөшгүй суулгасан бололтой.

АПЕК анхаанаасаа л байгууллага биш гэдгээ байнга нотлож, энэ бол үргэлжлэх интеграцийн олон талт үйл явц хэмээн томъёолсон. 

АПЕК-т гишүүн улс гэж байхгүй, харин гишүүн эдийн засаг гэж бий хэмээдэг.

Гишүүнчлэл нь ийм өвөрмөц тул байгууллага огтоос биш. Жишээ нь Тайвань нь Хятадын Тайпэй гэсэн хаягтай АПЕК-т байж байна.

Мөн Хонконг нь анхлан элсэхдээ Британийн колони гэдгээрээ бүртгэгдсэн тул гишүүн улс бас биш.

Иймд бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны форум гэдэг утгаар хэвшсэн. Цаашид энэ тухай мэдээлье гэвэл “Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт” гэх нь оновчтой орчуулга болно шүү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040