ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГА, ХАМГААЛАЛТЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
Одоогоос 90 жилийн өмнө Ардын хувьсгалтай энэ чацуу Монголын цагдаагийн байгууллагын түүхэн хуудас бичигдэж эхэлсэн үед цагдаагийн байгууллагыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, эрх үүргийг нь тодорхой болгон шинэчилэх зорилгоор Засгийн газрын жинхэнэ орлогч сайд Б.Цэрэндоржоор удирдуулсан комисс “Цагдан сэргийлэх хорооны дүрэм”-г боловсруулж Засгийн газрын 1923 оны 06 дугаар сарын 26-ны хурлаар батлан гаргажээ.
Уг дүрмийн 3 дугаар бүлгийн 13-дугаар зүйл .”Олон улсын элчин сайд ба консулын зэрэг түшмэд нааш цааш явахад сайтар санаа агуулан батлан хамгаалваас зохимой” гэж заасан нь манай байгууллагын үйл ажиллагааг зүйлчилсэн анхны эрх зүйн баримт бичиг билээ.
1923 оноос Зөвлөлт холбоот улс , Бүгд Найрамдах Тува улсын бүрэн эрхт төлөөлөгч суух болсноор манай улсын дипломат харилцааны суурь тавигдсан үүнтэй уялдан дээрх улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газруудын хамгаалалтыг хийж эхэлснээр манай шинэ үеийн түүх эхэлжээ...
1936 онд сэргийлэн хамгаалах албыг 2 хувааж, хорооны байцаагч, морьт, явган эргүүл, чухал обьектын улсын хамгаалалтыг хариуцуулсан хот хамгаалах тасаг байгуулж , мөн оны сүүлчээр энэ хоёр тасгийг өргөтгөн сэргийлэн хамгаалах болон гэрээт хэлтэс болгон 1938 онд Төвийн харуулын ангийг өргөтгөж, морьт, явган эргүүл ба улсын обьектыг хамгаалах 4 салаа байгуулагдсан.
1958 оны 05 дугаар сарын 24-ний өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 166 дугаар тогтоол гарч Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газарт гадуур албаны хэлтэс байгуулж, 1960 онд УЦСЕГ-ын сэргийлэн хамгаалах хэлтэс байгуулав.
Энэ хэлтэс нь хэв журмын тасагтай байсан бөгөөд удалгүй харуулын тасгийг шинээр байгуулж өгөжүүлэн, сэргийлэн хамгаалах гарнизон болгожээ.
Монгол улсын гадаад харилцаа өргөжин хөгжиж , элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийг хамгаалж байсан пост, салаадыг нэгтгэн НАХЯ-ны сайдын 1977 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 786 дугаар тушаалаар Улсын чухал обьектыг хамгаалах харуул ротыг байгуулжээ.
1990 оны 04 дүгээр сард Нийгмийн Аюулаас Хамгаалах Яам татан буугдаж, Цагдан сэргийлэх байгууллага нь Цагдаагийн байгууллага болж өөрчлөгдөн энэ зохион байгуулалтаар Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд сэргийлэн хамгаалах хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэргийлэн хамгаалах гарнизоныг нэгтгэн хэв журмын хэлтэс байгуулж Эргүүлийн 801 хороо, Харуулын 808-р анги Банк хамгаалах суман, Дохиолол хамгааллын алба зэрэг байгууллагуудыг харъяалуулав..
ЦЕГ-ын даргын 1993 оны 257 дугаар тушаалаар Дипломат байгууллагуудын хамгаалт, шөнийн эргүүлийн албыг нэгтгэж Дипломат байгууллагын хамгаалалт, шөнийн эргүүлийн 808 дугаар анги болгон зохион байгуулагдсан..
ЦЕГ-ын даргын 1999 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн А/20 дугаар тушаал гаргаж Нийслэлийн цагдаагийн газрын банк хамгаалах 809 дүгээр анги, Дипломат байгууллагуудын хамгаалалт, шөнийн эргүүлийн 808 дугаар ангиудыг нэгтгэж, Эргүүл тусгай хамгаалалтын хэлтэс болгон өөрчилжээ.
ЦЕГ-ын даргын 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 218 тушаалаар Нийгмийн хэв журам хамгаалах газрын бүтэц шинэчлэн хийж Захиргааны удирдлага , Бодлого зохицуулалт, Тусгай хамгаалалт, Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсүүдтэй болгосон байна.
2013 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 73 дугаар тушаалаар тус хэлтсийн бүтцийг шинэчлэн баталж Дипломат байгууллага хамгаалах 1,2 дугаар тасаг, Банкны гэрээт тасаг, УБЕГ-ын цагдаагийн хэсэг гэсэн нэгжүүдтэй байхаар баталсан болно.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 17-ны 17 тоот тушаалаар тус хэлтсийг Нийслэлийн цагдаагийн газрын харьяанаас гаргаж Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэс болгон өөрчилсөн.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэс болгон өөрчлөгдсөн
Монгол банкны төв байрны гэрээт цагдаагийн хамгаалалтыг Төрийн тусгай хамгаалалтын газарт шилжүүлсэнтэй холбогдуулан Хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн нэршлийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар “Дипломат байгууллага, хамгаалалтын хэлтэс” болгон өөрчилсөн байна.