/ / Б.Лхагвасүрэн: Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг

Б.Лхагвасүрэн: Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг

Б.Лхагвасүрэн: Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг

Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл ярьж байна. Энэ удаа бид найрагчийн гэрт зочилж цагдаагийн алба хаагчийн талаар энгийн иргэний санал бодол талаас нь илэн далангүй ярилцлаа. Алдартай найрагч гэдгээр нь андахгүй сайн мэдэх ч аав нь цагдаагийн гэж тэр бүр мэдэхгүй. Ардын уран зохиолч маань товлосон цагтаа гэртээ биднийг уриалгахнаар угтаж, бодож санадаг бүхнээ харамгүй хуваалцлаа. Бүтээл бүхэн нь ухаан хайрладаг их найрагч Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Лхагвасүрэнтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе

ЦАГДАА БОЛ ИХЭМСЭГ БИШ ЭРХЭМСЭГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БИ БОДДОГ, ИНГЭЖ МЭДЭРДЭГ
Бидний дунд бэлдсэн асуулт тулгасан санаа юу ч байгаагүй ч их найрагч яриагаа ингэж эхэллээ. Манайд чихрийн тавагнаас илүү олон үнсний сав байдаг даа гэх энгийн ярианаас эхлээд эрх зүйн шинэчлэл хүртэл багагүй зүйлийг ярилцлаа. “Цагдаа бол хоёр харьяалалтай хүн. Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдааг ард түмэн хувцасладаг юм. Ард түмнээрээ хувцаслуулдаг гэж бодохоор их л сайхан санагддаг даа. Үүргийг нь харин төр өгдөг. Цагдаа гэдэг нэр хүндийг нь авч явнаа гэдэг нь ёсыг барьж харьцах л асуудал юм даа. Ёсондоо захирагдах ёстой. Өөр юу байхав. Гол нь тэр шүү дээ. Хүмүүн болоод цагдаа бол хоёулаа ёсондоо захирагдах ёстой юм даа. Нэг үгээр хэлвэл ёс төрдөө захирагдах ёстой. Энэ тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө л хэлэх байх. Манай Тангадын Галсан найрагч бол хамгийн түрүүнд цагдаа гэдэг үгийг ЦАГИЙГ ДАА гэсэн үг л гэж хэлнэ дээ. 
БИ ЦАГДААГИЙН ХҮҮХЭД 
Би бол хувьдаа цагдаагаа бас өрөвддөг. Яагаад гэвэл миний аав цагдаагийн алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан юм л даа. Би цагдаагийн хүүхэд. Тийм болоод ч тэрүү дандаа л би дотроо өрөвддөг, өмөөрдөг. Тэр үед их сайхан байж дээ.Олон нийтэд туслах бригадын гишүүн гээд гээд сүүлт од шиг олон хүмүүс шөнө эргүүлд явдаг байсан. Өндөр настнуудаас эхлээд залуучууд цагдан сэргийлэхэд туслах бригадын гишүүн болчихсон. Тэмдэгтэй, бугуйн дээрээ бас эргүүл гэсэн бичигтэй зүүлт зүүчихнэ. Тэд нар бол сэргийлэгчийн маш сайн туслагч байсан даа. Баргийн амьтныг алхуулахгүй. Миний аав олон хороо хорин хариуцна. Хамгийн сэтгэлд тод үлдсэн нь нэг сүрхий бүртгэл байсан. Гэмт хэрэг хийж болзошгүй, сургууль соёлгүй болсон, хорихоос суллагдаад ирсэн хүмүүсийн бүртгэлээ өврийн дэвтэр болгож хэрэглэдэг байсан. Тэр нь бол айл болгоноор ороод хүн хянаад цагдаад байхгүй ч гэсэн ерөнхий багцаа авдаг байсан бүртгэл юм л даа. Хүмүүсээ бүр нүдлэчихсэн. Эндээс би цагдаа хүн их л нүдтэй байх ёстой гэж ойлгосон.

ЦАГДАА ХҮНД БИЛГИЙН НҮД ХЭРЭГТЭЙ

Цагдаа хүнд билгийн нүд хэрэгтэй шүү дээ. Мэргэд ам нууцаа алддаггүй нүд нууцаа алддаг гэдэг гэж хэлсэн нь бий. Тиймээс цагдаа хүн бол гэмтэй хүний нүдийг нь сайн харж ярьдаг байх хэрэгтэй. Цагдаа нь ч дальдчаад хүн нь ч дальдчаад байлгүй цагдаа бүхэн гэмт этгээдийн нүд руу нь эгц харж ярьдаг байгаасай гэж би боддог. Америкад цагдаа нь цөөн үг ярьдаг. Иргэн нь зөрчил гаргачихаад гуйна гувшина гэж ер үгүй. Замын цагдаа зогсоогоод гарсан зөрчлийг нь хэлээд торголоо. Тэгээд л болоо. Ялангуяа замын цагдаа нар бол зөрчил гаргасныг нь тогтоосон л бол олон үггүй ял зэмийг нь хэлээд арга хэмжээгээ дор дор нь аваад явчихвал энэ их зөрчил гаргадаг хүмүүс буурах байх гэж би хувьдаа боддог. Үүнээс гадна цагдаа хүнийг хамгаалах, өөрийгөө хамгаалах хоёр том үүрэгтэй юм шүү дээ. Арга буюу тулсан үед амиа өгсөн тохиолдол зөндөө л байдаг. Тархиндаа сумтай гэж орчин үед сагсуу хүнийг хэлдэг болж дээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаад тархиндаа сумтай ч гэсэн үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нарыг та нар мэддэг байх хэрэгтэй. Амиа үрсэн сэргийлэхийн гавьяатууд олон шүү дээ. Би танай байгууллагын хаалгаар ороод АРВАН ТАВНЫ ЦАГДАА-ийн хөшөө байхаар их сайхан санагддаг. Нэр дүр нь зохицсон их сэтгэлд ойр санагддаг. 

УАМЖЛАЛГҮЙ ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ. 

Цагдаагийн шинэчлэл бол уламжлалаа барьсан монгол хөрс шороо, монгол хүний зан суртахуун, сэтгэлгээ мөн чанарт таарсан шинэчлэлүүдийг хийгээсэй гэж би боддог. Уламжлалгүй шинэчлэл гэж энэ орчлонд байдаггүй. Заавал хуучин юмнаас үүсэж байж л шинэчлэл болдог. Магадгүй зарим тохиолдолд хамгийн хуучин юмыг шинэ юм гэж хардаг. Тйимээс дээр дороо их бодлоготой шинэчлэл хийгээсэй гэж боддог. Цагдаа гээд өөрийгөө хаяж болохгүй. Бие биенээ хайрлах гэдэг үг цагдаад хамааралгүй юм шиг хандлага байх юм. Хууль хүн хоёрын харьцаа бол хайр. Тэрнийг хийж чадахгүй байна. Хүн хүнээ хайрлахаар юм болгоныг хайрлах нижгэр их хайр болдог. Цагдаа нарынхаа нийгмийн асуудлыг их анхаарах ёстой шүү. 
Би цагдаа нарыг муу хэлэх дургүй . Яагаад гэвэл миний мах ясанд шингэсэн нэг ойлголт байгаа юм. Эд нар маань үүрэг биелүүлж байгаа. Цагдаа хүнд бол хамгийн аргамаг, эрмэг, догшин морьдын эмээлийг цагдаа хүнд тохдог. Эмээл гэдгийг би ёгтоор хэлж байна. Төрийн эмээл гэсэн үг. Төрийн эмээлийг цэрэг цагдаа хоёрт л тохдог гэдгийн санах хэрэгтэй. Үүнээс гадна цагдаа нарыг би их цэмцгэр, хялгас наалдаагүй хувцастай байгаасай гэж хардаг. Би аавыгаа ч тэгж боддог байсан. Тэр үед чинь улаан пагонтой, ногоон хувцас байсан санагддаг юм. Дарга нар нь арай өөрөө. Их л сайхан харагддаг байсан даа. 

ЦАГДАА БОЛ АМЬДРАЛЫН “ДАРХЛАА” ЮМ


Цагдаа хүн биш юм шиг ойлголт нэг хэсэг байсан ч одоо өөрчлөгдсөн шүү . Цагдаа бол амьдралын “дархлаа”. Энэ дархлаа гэдэг үгийг зөвхөн эмнэлэг дээр ярьдаггүй. Ерөөсөө хүний амьдралын тэр улс орны дархлаа юм шүү дээ. Байсан, байгаа, цаашдаа ч ийм байна. Гурван цагийн дархлаа шүү дээ. Ингэж ойлгох ёстой. Д.Сандаг –Очир генерал ЦЕГ-ын дарга байх үед намайг “Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан. Аавын маань цагдаагийн албанд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалуудыг сайхан жаазлаад өгсөн. Би их баярлаж бараг уйлсан даа. Гэхдээ би тэр тэмдгийг аавын маань энгэр дээр гялалзсан бол сайхан шүү гэж бодогдсон. Ер нь яруу найргийнхаа буянаар онц хилчинээс эхлээд төрийн шагнал гээд олон тэмдэг авсан. Ижийдээ үзүүлж чадаагүй юм чинь гээд нэгийг нь ч би зүүдэггүй. Аав минь байсан даа. Би ийм л юм боддог. Үүргийн ялгаа л байна уу гэхээс дарангуйллын ялгаа байхгүй ажиллах ёстой гэж ойлгодог. Ард түмэн цагдаагаа хайрлах хэрэгтэй. Төр цагдаа нараа сайн тоноглох хэрэгтэй. Өөрийг нь хамгаалсан тоноглол. Хүнээ хамгаалсан тоноглол. Ганцхан гэмт хэрэгтэнд зориулсан тоноглол биш шүү дээ. Мөн онц гэмт хэргийг илрүүлсэн хүнд төр гараа татах ёсгүй гэж ойлгодог. Амжилт гаргасан цагдаагаас юм харамлаад хэрэггүй ээ гэж хэлмээр байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзвал би шууд л хэлнэ.


Бидний дунд ийм нэгэн халуун дулаан элдэв хачиргүй, дурсамж дурдатгал дүүрэн халуун яриа өрнөлөө. Хүний амьдралын хамгийн энгийн үнэн бүхнийг яруу найргаар илэрхийлж ил хэлж, далд гуниглаж энэ их хүмүүн ЦАГДААГИЙН ХҮҮ юмаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040