/ / Дэлхийн жүдогийн өдрийг тохиолдуулан цагдаагийн дэд ахлагч Б.Дашчойнхортой ярилцлаа

Дэлхийн жүдогийн өдрийг тохиолдуулан цагдаагийн дэд ахлагч Б.Дашчойнхортой ярилцлаа

- АМРЫГ ЭРЬЕ. ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛНА УУ. ЯАГААД ЦАГДАА МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН БЭ?
Амрыг эрье. Намайг Бат-Эрдэнэ овогтой Дашчойнхор гэдэг. Багаасаа цагдаа болохыг хүсдэг байсан. Хэн нэгэн хүн цагдаа бол гэж зөвлөөгүй, бас шахаж шаардаагүй. Өөрийнхөө хүсэл зоригоор цагдаагийн байгууллагад ажиллаж байна.
- ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ИХЭВЧЛЭН ЗАВ ЧӨЛӨӨ БАГАТАЙ БАЙДАГ. ГАРСАН ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Би жүдо бөхийн спортоор хичээллэдэг. Тийм болохоор амарч байгаа үедээ, чөлөөт цаг гарсан үед бэлтгэлээ таслахгүй хийхийг хичээдэг.
- ЖҮДО БӨХИЙН СПОРТООР ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА ВЭ?
Дунд сургуульд байхаасаа буюу 5 дугаар ангиас 9 дүгээр анги хүртлээ 4 жил хичээллэсэн. Түүнээс хойш хэсэг хугацаанд завсардсан байж байгаад одоо үргэлжлүүлэн хичээллэж байгаа. Нийт 6 жил болж байна.
- ЭНЭ СПОРТОД ХӨТӨЛЖ ОРУУЛСАН ХҮН БАЙГАА ЮУ. ЭСВЭЛ ӨӨРИЙНХӨӨ СОНИРХОЛООР ХИЧЭЭЛЛЭСЭН ҮҮ?
2 найзтайгаа жүдогийн секцэнд явж үзье гэж ярилцаад нэг удаа бэлтгэлд нь очтол их гоё санагдаад хичээллэж эхэлсэн. Манай ээжийн төрсөн дүү Э.Сумъяасүрэн гэж ази, дэлхийн аварга тамирчин байдаг. Эгчийгээ хараад бахархал төрж, үлгэр жишээ авч энэ спортод дурлаж, амтыг нь мэдэрч явна.
- СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ, ТЭР ТУСМАА ЖҮДО БӨХИЙН СПОРТ ХҮНД ЮУ ӨГДӨГ ВЭ?
Жүдо бөхийн спортын үр шим маш их. Энэ спорт өөрөө асар их хүндлэл. Багшийгаа хүндлэх, хамт хичээллэж байгаа тамирчдаа хүндлэх гээд эрэмбэ дараатай байдаг. Үүнээс үүдээд хүнийг хүндлэх, бусадтай харилцах харьцаа, ах зах, дэг жаяг гээд зан чанарын хувьд төлөвшиж олон зүйлд суралцдаг. Бас өөрийгөө ялан дийлдэг. Дотоод хүнээ таньдаг. Аливаа зүйлд тууштай, няхуур хандах чадварыг ч бас эзэмшдэг. Мөн биеийн зөв хөгжилтэй болдог.
- СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ЯВЦДАА ШАНТАРЧ БАЙСАН ҮЕ БИЙ ЮУ? ЭРЧ ХҮЧЭЭ ЯАЖ ХАДГАЛДАГ ВЭ?
Шантрах үе байлгүй яахав. Гэвч шантарч няцахаас илүү хэцүү нэг зүйл байдаг нь бэртэл гэмтэл авах байдаг. Шантрах үедээ би яагаад энэ спортоор хичээллэж эхэлсэн билээ? Юунд хүрэхийг зорьж байгаа билээ гэдгээ боддог.
- ГАРГАСАН АМЖИЛТААСАА ХУВААЛЦААЧ?
Архангай аймгийн залуучуудын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд самбо бөхөөр мөнгөн медаль, жүдо бөхөөр хүрэл медаль хүртсэн.
Мөн өнгөрсөн сар зохион байгуулагдсан “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2022 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 66 килограммын жинд алтан медаль, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллагын 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2022 оны аварга шалгаруулах Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит жүдо бөхийн тэмцээн энэ оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан. Уг тэмцээнд 3-р байр эзэлж хүрэл медаль хүртсэн. Мөн адил 66 килограммын жинд. Бас тус албанаас төлөөлөн оролцсон тамирчид 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багийн амжилтаар тэргүүн байранд шалгарсан.
- ЦААШДЫН ЗОРИЛГО? ЭНЭ СПОРТООРОО ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭХ ҮҮ?
За яг энэ спортоороо тууштай хичээллэхэд жаахан хүндрэлтэй. Цагдаагийн албанд ажилладаг болохоор цаг зав тэр бүр гараад байдаггүй. Миний хувьд багаасаа энэ спортод дурлаад хичээллэсэн болохоор орхиж чадахгүй аль болох цаг зав гаргаад бэлтгэлээ хийхийг л зорьж байгаа.
- ТАМИРЧИН ХҮНИЙ БАЯР, ГУНИГ ЮУ БАЙДАГ ВЭ?
Тамирчин тэмцээний үеэр ч юм уу, тэмцээний өмнө бэлтгэлээ базааж байгаад бэртэл гэмтэл авах л хамгийн гунигтай. Бэртэл гэмтэл авалгүй тэмцээнээ амжилттай дуусгана гэдэг л баяр жаргал юм даа.
Хүмүүс үндэсний бөхийг ч юм уу шүүмжлэх тал их байдаг л даа. Нэг наадамд түрүүлээд, үзүүрлээд өчнөөн бай шагнал, бэлэг сэлт авч байна гээд. Гэтэл тэр хүн энэ амжилтын төлөө өөрийн бүхий л цаг хугацаа, сэтгэл зүрх, тамир тэнхээ, хөлс хүчээ урсган байж арван жил, хорин жил ч хөдөлмөрлөсөн байдаг шүү дээ. Үүнтэй л ижил. Миний хувьд амжилт урд биш ард байдаг гэж боддог. Энэ тэмцээний төлөө, тэр олимп дэлхийн аваргын төлөө тэр тамирчин бүх цаг хугацаагаа зарцуулж өөрийгөө бэлдчихээд, тэр мөчид өөрийгөө шалгуулдаг гэж боддог.
- ЖҮДО БӨХИЙН СПОРТТОЙ БАГААСАА НӨХӨРЛӨСӨН ТАМИРЧИН Б.ДАШЧОЙНХОР ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛБОЛ?
Би хийнэ гээд нэгэнт эхлүүлсэн зүйлээ дуусгалгүй дундаас нь хаях дургүй. Ямар ч байсан эцсийг нь харахыг зорьж тууштай зүтгэдэг. Шантрах дургүй. Жүдо бөхийн спорт надад тууштай байдал, тэвчээртэй зан чанар өвлүүлсэн гэж боддог. Өнөөдөр бас дэлхийн жүдогийн өдөр тохиож байна. Нийт тамирчиддаа баярын мэнд хүргэе.
- ЭНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЖ БАЙГАА ШИНЭХЭН ТАМИРЧИД, ДҮҮ НАРТАА ХАНДАЖ ЮУГ ЗӨВЛӨХ ВЭ?
Жүдо бөхийн спорт хүнийг хүмүүжүүлдэг, төлөвшүүлдэг, тэвчээр хат суулгадаг маш сайхан спорт. Нэгэнт эхлүүлсэн бол заавал өөрийгөө сориорой. Амжилт өөд зүтгээрэй. Зорилгодоо хүрээрэй. Спортоо битгий дундаас нь хаяарай гэж зөвлөе. Мөн дээрээс нь залуус, оюутан сурагчид маш их тамхи татаж байна. Янжуур тамхиас гадна электрон тамхины хэрэглээ улам ихэссэн байна. Хүний биед ямар ч хэрэгцээгүй энэ дэмий зүйл хорноос татгалзаарай гэж уриалмаар байна.
- ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА. ТАНЫ ЦААШДЫН АЖИЛ ХӨДӨЛМӨР, СПОРТОД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Баярлалаа. Та бүхэнд ч бас сайн сайхныг ерөөе.
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040